Гашуун байна / Аймшигт өгүүллэг/

                                                                   
     

           Гашуун байна

         \Өгүүллэг\

     Намрын эхэн сарын шинийн арван тавны сар толь мэт гэрэлтэж  хөдөө талын үзэсгэлэн улам бүр  тодрон харагдахад Мандах мориныхоо амыг сул тавиад амандаа "Эрдэнэ засгийн унага"- ийг аялаж хөлчүүрэн хатируулах нь жинхэнэ монгол эрийн хийморь, золбоо гэлтэй. Тэрээр дуугаа өндөрсгөх бүрдээ мориныхоо амыг үл мэдэг дугтрахад хэлтгий хээр морь нь тэр л аясаар газар товчлон хатируулна. Түүний хэлтгий хээр морь Мандахыг гурван өдөр нуруун дээрээсээ буулгаагүй гэхэд огт эцсэн шинжгүй монгол адууны шандасыг гарган гэрийн зүг гар өргүүлэлгүй тэмүүлнэ. Мандах хэдэн өдөр сумын төвөөр аяга тагш юм эргүүлж яваад буцаж яваа нь энэ билээ. Тэрээр уусан архиндаа халамцан хоолойныхоо хэрээр дуу аялан явсаар нэгэн даваан дээр түр амсхийж, тамхи татахаар газар завилан суув. Өвөө ааваас нь өвлөн ирсэн цагаан хаш соруултай дунд гарын гуйлан толгойтой гаансаа гаргаж бургуйдаад, тамхи төхөөрөх зуураа эргэн тойрноо нэхэн харвал Цувраа хус гэх газар дөрөө мулталснаа мэдэв. Энэхүү Цувраа хус гэх газрыг нутгийн хүмүүс буг чөтгөртэй хэмээн шөнө оройн цагаар дөрөө мултлах нь бүү хэл явган явахыг хүртэл цээрлэдгийг Мандах сонсож өнгөрсөн боловч үл итгэдэг бололтой хэнэг ч үгүй тамхи нэрэн суулаа. Архи балгахаараа өөртэйгээ ярьдаг зангаараа Мандах хэн нэгний тухай амандаа үглэж :

 - Энэ муу тамхи чинь ямар гашуун болчихоо вэ? гэж хараагаад шүлсээ хаяхад, ардхан талд нь хэн нэгэн эрэгтэй хүний " Гашуун байна" гэх сөөнгө дуу сонсогдов. Мандах ийн дуугарахыг сонссон боловч сонсоогүй царай гарган суулаа. Удсан ч үгүй түүнд энэхүү газрын тухай яригддаг сонин жигтэй явдлууд санаанд нь ээлж дараалан бууж нэг л жийрхээд явчихав. Мандах хий юм сонссон эсэхээ шалгах гэсэн шиг "Гашуун байна уу? " гэж нүдээ эргэлдүүлэн асуухад ард талд нь хэн нэгэн сөөнгө хоолойгоор "Гашуун байна" гэх дуулдлаа. Энэ үед Мандахын нурууны шар үс ширхэг ширхэгээрээ босох шиг болж эргэн харвал хэн ч үзэгдсэнгүй. Тэрээр айсан хүнд аргал хөдлөнө гэх үгийг санаж өөрийгөө зоригжуулаад тамхиа шуналтай нь аргагүй сорох зуураа дахин  шалгаж үзмээр санагдаж "Гашуун байна уу? " гэж амандаа чимээгүйхэн шивнэхэд өнөөх сөөнгө хоолой улам бүр ойртсон мэт яг дэргэдээс нь "Гашуун байна" "Гашуун байна" гэх дуулдахад Мандахын уусан архи нь ор мөргүй арилах шиг болж хүйтэн хөлс нь дотор харанхуйлан гадагшлав. Тэр даруй мориндоо мордож даваа уруудан давхиж явах зуураа одоо буг чөтгөр хоцорсон байх гэж санаад дахин "Гашуун байна уу? " гэж асуухад яг л дэргэдээс нь сөөнгө хоолойгоор  Гашуун байна", "Гашуун байна" гэх дуулдахад Мандах мориндоо хэд сайн ташуур өгөв. Элдвийг бодон давхих зуураа хэрвээ сүнс дагаж хорогдвол модон дотор сүлжин давхиж төөрүүлдэг гэж өвгөчүүдийн ярихыг сонсож байснаа санаж ойролцоох модруу орж сүлжин давхиад модны захад гарч дахин "Гашуун байна уу? "гэж асуухад мөн л дэргэдээс нь "Гашуун байна", "Гашуун байна" гэх дуулдав. Мандах бүр ихээр сандарч нутгийн учир мэдэх өвгөний гэрийн зүг жолоо мушгив. Мандах айж сандарсан амьтан Дэндэв өвгөний үүдээр орж ирэхэд Дэндэв гуай учрыг бараг л гадарласан бололтой учир явдлыг яаран асуулаа. Мандах болсон бүх явдлаа амьсгаа дээрдүүлэн ярьж дуусахад Дэндэв өвгөн :

- Цувраа хусанд шөнө оройн цагаар дөрөө мулталдаггүйг сануулаад, олон жилийн өмнө нутгийн нэгэн сайн эр мөрийтэй тоглоом тоглож их олз олоод буцаж явахдаа Цувраа хус гэх тэр газарт муу хүмүүсийн гарт амиа алдаж тэр газартаа сүнс нь хорогдсон юм гэж хэлэхэд Мандахын царай улам цонхыгоод ирэв. Энэ ёдрийн сүнс хорогдсон хүний хөрөнгө мал үгүйрэн хоосордог гэж ярьдаг юм гэснээ үүнийг аргалж болох байхаа гээд Мандахыг дагуулан гарлаа. Дэндэв гуай хоттой хониныхоо дэргэд түүнийг дагуулан очоод :

- Энэ хорогдсон сүнсийг хоттой хонин дунд төөрүүлдэг гэж хөгшчүүд ярьдаг байсан юм гээд Мандахыг хоттой хонин дунд оруулав. Мандах хоттой хонин дунд хонь мэт дөрвөн хөллөж мөлхсөөр хонины хашааг тойрон хоёр, гурван ч удаа эргэлдэж гарав. Дэндэв өвгөн энэ зуур Мандахад хандан :

- Энэ сүнс амьддаа мал хөрөнгөнд их шуналтай хүн байсан гэнэ лээ, хоттой хонин дунд оруулахаар эд маланд хорогдоод төөрч орхидог гэлцдэг юм, миний хүү сайн төөрүүлээрэй гэж үглэн зогсоно. Мандах хэд хэд тойрсны сүүлээр гарч ирээд үл мэдэг дуугаар " Гашуун байна уу? " гэж асуухад ямар ч хариу дуугарсангүй, дуугаа жаахан өндөрсгөж дахин асуухад мөн л хариу өгсөнгүйд сэтгэл нь жаахан амарч Дэндэв өвгөнийд оров. Дэндэв гуай Мандахыг хоноод явахыг сануулаад, маргааш өглөө чи манай хонийг гаргаад  Цувраа хусны ойролцоо дөхүүлж бэлчээгээд гэрийн зүг хөдлөөрэй гээд унтахаар хэвтэв. Тэр шөнө Мандах ард олны дунд явган яригддаг сүг сүүдэр, буг чөтгөрийн тухай байсхийгээд л бодолхийлж айсандаа цурам ч хийлгүй хоносон юм.

By : А.Алтанхундага

 

                                                       

ТВ ЧАТ /Хошин өгүүллэг/

ТВ ЧАТ

\ Өгүүллэг\


     Хорин нэгэн насны босгон дээр яваа хэдий ч бүрэг ичимхий зангаасаа болоод ч тэрүү эсвэл зүс гундуугаасаа болсон ч юм уу өдий хэр нь эмэгтэй хүний энгэр сөхөж үзээгүй Шижирээд гар утаснаасаа мессэж бичээд охидтой танилцаж болдог телевизийн "ТВ ЧАТ" гэх нэвтрүүлэг ихэд таалагдах болсноор нилээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрээр телевизээ үргэлж "ТВ ЧАТ" гардаг суваг дээр тааруулаад танилцах зарыг анхааралтай гэгч нь ажиглах боловч харамсалтай нь түүний хүсэн хүлээсэн зар гаралгүй урмыг нь олон хугална. Бурхнаас хайр илгээхийг хүлээж суусаар залхсан бололтой тэрээр өөрөө хайраа эрж олохоор эрс шийдэж намрын нэгэн орой "ТВ ЧАТ"- руу мессэж нисгэх нь тэр :

-  " 21 настай дажгүй охинтой танилцана " гэж бичээд тусгай дугаарт нь явуулчихав. Одоо юу л болвол болог гэсэн янзтай түүнийг телевиз ширтэн суутал утсанд нь дуудлага ирэв.

-  Өөрөө танилцана гэж зар өгсөн үү гэж утасны цаанаас их л наалинхай хоолойгоор асуусанд Шижирээ жаахан балмагдаад :

 -  Тиймээ, өөрөө харин танилцах гэсэн юм уу гэсээр тэд их л дотно танилцав. Шижирээгийн шинэхэн танилыг Эгшиглэн гэх бөгөөд тэд утсаар танилцаад зогссонгүй бүр уулзаж дотносохоор тохиролцсон нь Шижирээгийн хувьд тэнгэрийн умдаг атгасан хэрэг байлаа. Учир нь Эгшиглэнгийн гэр бүлийнхэн эзгүй байгаад зогссонгүй Шижирээг бүр гэртээ урьсан байлаа. Шинэхэн танилтай болоод зогсохгүй намрын намуухан шөнө түүний гэрт уригдах хүндэт зочин нь болсон доо Шижирээ итгэж ядан хувцаслана. Би аль хэдий нь "ТВ ЧАТ" - руу өөрөө мессэж бичих байсан байж, тэгсэн бол өдийд найз охинтой болчихсон даналзаж явахгүй юу гэж Шижирээ сэтгэх зуураа оройтсон ч гэсэн энэхүү учралдаа сэтгэл хангалуун байгаа бололтой хэрэндээ л гоёж гоодно. Гялтайтал тослож гялайтал индүүдсэн өмд гутлаа гэр хорооллын шороонд тоос болгочихгүйг хичээн өлмий дээрээ шахам алхаж явсаар сая нэг автобусны буудалд хүрч таксинд хөл залгалаа. "ТВ ЧАТ" ч үнэхээр л хоёрыг уулзуулж, холыг ойртуулдаг юм байна шүү гэж бодох зуураа жолоочын урд толинд үе үе тольдож үс зүсээ янзлана. Ямар охин байгаа бол, дууг нь сонсоход их л аятайхан санагдсан даа гэж дотроо битүүхэн бодлогошрон явсаар  Эгшиглэнгийн байрны үүдэнд хүрч ирэв. Тэрээр утсаа яаран гаргаж Эгшиглэн рүү залгавал :

- Би чамайг цонхоороо харж байна аа, чи өөдөөсөө харж буй орцны гурван давхрын шатаар гараад яг баруун гар талын хаалгыг тогшоорой гээд Эгшиглэн утсаа салгав. Шижирээ энэ үед алаг цоог гэрэлтэх есөн давхар байшингийн цонхнууд руу хэсэг ширтэн зогсоод өмнө нь харагдах орцны зүг яаран алхлаа. Гурван давхар шат өөд нүд ирмэхийн зуур гүйж гараад баруун гар талынхаа хаалгыг удтал балбав. Гуталныхаа тоосыг арчсан гараараа хөмсгөө шүлсдэн сандарч зогсох түүнийг харсан хэн ч болов анхны хайр, анхны болзоогоо дурсан санах нь эргэлзээгүй. Хаалганы түгжээ дуугарах дуунаар Шижирээ хувцсаа засаж янзлаад хаалга онгойхыг хүлээн зогстол нэгэн хижээл насны нойрмог эмэгтэй хаалга нээж :

-  Хэнтэй уулзах гэсэн юм харанхуй шөнө айлын хаалга балбаад гэж зандрахад мэл гайхсан Шижирээ :

-  Эгшиглэнтэй уулзах гэсэн юм гээд толгойгоо илэн зогсоход өнөөх эмэгтэй тийм хүн байхгүй гэсээр хаалгаа тас хийтэл хаав. Шижирээ айл андуурсан юм болов уу гэж сэтгэх зуураа Эгшиглэнрүү залгавал нэгэн залуу утасны цаанаас :

- Хөөе тэнэгээ чи молигдуулчихлаа ш дээ гэхэд цаана нь олон хүний инээлдэх дуулдав. Шижирээ ичсэндээ хаа нэг газар руу зугтмаар болсон ч шатны гишгүүр бүрийг тоолох мэт бодолд дарагдан уруудав. Даанч их уулганч байсан юм аа гэж Шижирээ амандаа хэд хэдэн удаа үглээд орцны үүдэнд гарч цонхнуудын зүг харуусалтай ширтэн зогсох үед түүний утсанд мессэж ирэх дуулдав. Яаран утсаа гаргаж мессэжийг уншвал түүнийг аль нэг цонхноос хараад байгаа бололтой :

- Юу хийгээд байрны үүдэнд зогсоод байгаа тэнэг вэ? одоо явахгүй юм уу? хошгорчихсон юм ха ха гэж бичсэн байв. Шижирээ энэ үед өөрөөсөө хүртэл ичих шиг болж, зүсийг нь ч үзээгүй Эгшиглэн гэх шинэхэн танилдаа гомдохын ихээр гомдож нүдэндээ нулимс үүрлүүлэн алхав...

By : А.Алтанхундага

 

Амрагийн гэрээ /Эротик өгүүллэг/

Амрагийн гэрээ

                                                               \Өгүүллэг\

 

     Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :

-  Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :

 -  Миний найз төвөггүй тэнцчихлээ ш дээ, би чамд хэлсэн биз дээ гээд л бөөн баяр хөөр болох зуураа :

-  Одноо багшид таалагдана гэдэг чинь том эхлэл шүү, миний найз загварын ертөнцөд тавтай морил гээд сүржигнэж гарав.

     Пүрэвсүрэн бол багынхаа загвар өмсөгч болох мөрөөдлөө өдий болтол орхиогүй яваа жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө үнэнч нэгэн билээ. Түүний өндөр гоолиг бие, өөгүй тунгалаг царайг харсан хэн ч болов сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хувцсаар биш биеэрээ гоёдог насан дээрээ яваа түүнтэй учирсан залуус түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэж урмын үг хайрлах далимаар эрээ цээргүй ширтэцгээх нь эхэндээ түүнд эвгүй байсан ч одоо нэгэнт дасал болсон гэхэд болно. Пүрэвсүрэн хэдий загвар өмсөгч болох хүсэлтэй боловч амьдралын эрхээр их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцах болсон нь түүний багын хүсэл мөрөөдлийг талаар болгосонгүй. Учир нь их сургуульд хамт суралцдаг Цацрал гэх царай зүс, бие хаа тэгш охинтой танилцаж, үерхэх болсноор загвар өмсөгч болох үүд хаалга нь нээгдсэн юм. Цацрал сурагч байхаасаа "Дорнын гоо" загварын агентлагт загвар өмсөж ирсэн бөгөөд Пүрэвсүрэнтэй танилцсан даруйдаа түүнийг өөрийн агентлагтаа очиж бүртгүүлэхийг санал болгож "Дорнын гоо" загварын агентлагын захирал гэх гуч гаруй настай боловч хорин настай охин мэт сэмбэлзэх Одноо багштайгаа танилцуулсан нь энэ байлаа.

Пүрэвсүрэн энэ өдрөөс хойш хуваарийн дагуу өдөр алгасалгүй загварын дамжаанд явж эхлэв. Загвар өмсөгч болно гэдэг тийм амархан биш болохыг Пүрэвсүрэн өдөр ирэх тусам мэдэрч байсан боловч шүд зуун тэвчихээс өөр сонголт түүнд байсангүй. Алхаа гишгээ, хэл ярианаас эхлээд санхүүгийн хувьд ч олон хүндрэлүүд тулгарах боловч тэр бүхнийг зохицуулсаар хагас жилийн нүүрийг үзлээ. Одноо багш нь загварын дамжааны охидод хандан үргэлж сургааль ном айлдаж зарим үедээ хэтэрхий хатуу үг хэлэх бөгөөд ихэвчлэн дараах үгийг амны уншлаг мэт үглэнэ.

 -  Амжилтанд хүрэхэд их бага хэмжээний золиос заавал шаарддаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Хэрвээ та нар нэртэй загвар өмсөгч болъё л гэж бодож байвал өөрийгөө ч гэсэн золиослох зориг зүрхтэй байх ёстой гэж ирээд л зандрах нь олон байв. Удалгүй Пүрэвсүрэн загварын хагас жилийн дамжаагаа ч дүүргэж танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь түүний урам зоригийг улам бүр бадрааж байлаа. Тэрээр өмсөж зүүхээс авахуулаад биеэ авч явах байдал нь хүртэл эрс өөрчлөгдөж загварын дамжаа түүнд чамгүй зүйл сургасан нь хэнд ч илт харагдаж байв. Цацрал үргэлж Пүрэвсүрэнд :

- Чи бол Одноо багшид хамгийн их таалагдаж байгаа охин, тийм ч учраас чи түүний итгэлийг алдаж болохгүй шүү гэж сануулна. Удсан ч үгүй хаврын тэр нэгэн өдөр Пүрэвсүрэнгийн хүсэн хүлээсэн өдөр нь айлчлан ирж тэрээр анхныхаа загварыг өмсөж тайз эзэгнэн алхав. Монголын нэртэй том компаний бүтээгдэхүүнийг албан ёсоор сурталчлах өдөрлөгт албан ёсны загвар өмсөгчөөр оролцоод чамгүй талархал хүлээсэн нь түүнийг загварын ертөнцөд эргэлт буцалтгүй оруулах үүд хаалгыг нээснийг Пүрэвсүрэн яахан мэдэх билээ. Учир нь загварын баяр болох үеэр Монголын тэргүүн баячууд, өндөр албан тушаалтай нууц ноёнтонгууд хүрэлцэн ирж охид бүсгүйчүүдийг сонжиж, таалагдсан охидыг ивээн тэтгэж нэр төрийн оргилд турхирдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ л замаар Пүрэвсүрэн Монголын зартай баян залуугийн хараанд өртөж хүслийг нь бадрааснаа үл мэднэ. Анхны загвараа өмсчихөөд догдолж зогсох Пүрэвсүрэн дээр Одноо багш нь хүрч очоод :

- Миний охин гараагаа маш сайхан эхэллээ. Загварын ертөнцөд тавтай морил гэж хальт нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа тэр даруй царайгаа төв болгож ирээд л :

- Чамайг өнөөдөр загварын ертөнцөд албан ёсоор хөл тавьж байгаа учраас би чамд хатуу хэдэн зүйлийг сануулж хэлье гэв. Пүрэвсүрэн багшийнхаа яриаг дуулгавартай нь аргагүй сонссон царай гарган хийж байгаа зүйлээ түр орхиод түүн рүү анхаарлаа хандуулахад :

- Загвар өмсөгч болоход заавал ивээн тэтгэгчтэй байх хэрэгтэй. Ивээн тэтгэгчгүй бол чи нэг ч алхам урагшаа гишгэж чадахгүй гэснээ чи одооноос өмсөж зүүх эдэлж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй гээд Пүрэвсүрэнд утасны дугаар бичсэн нэгэн цаас өгөв. Пүрэвсүрэн ямар учиртай болохыг нь үл ойлгосон байртай зогсож байтал Одноо багш :

- Энэ дугаараас өнөөдөр чамруу залгах байх шүү, за чамд амжилт хүсье! гээд хувцас солих өрөөнөөс гарч одлоо. Багш нь ямар утгатай зүйл ярьчихаад гарч одсоныг бараг л ойлгох шиг болсон боловч яаг яах ёстойгоо Пүрэвсүрэн төдийлөн ойлгосонгүй. Загвар өмсөгч болох хүсэлдээ хөтлөгдөн өөрт нь сэтгэлээ уудлах олон сайхан залуусыг цааш гэж явсан тэрээр зүсийг нь ч үл мэдэх хэн нэгэнтэй уулзах болсон доо жаахан сандарсан боловч багшийнхаа үгнээс зөрж зүрхэлсэнгүй. Загварын өдөрлөг ч өндөрлөж хүмүүс тарах үед өнөөх дугаараас Пүрэвсүрэн рүү залгаж түүнийг хоолонд урих нь тэр. Түүнийг хар өнгийн том гарын жийп машин үүдэн дээрээс нь тосож аваад нэгэн томоохон зоогийн газарт хүргэв. Пүрэвсүрэн зоогийн газарт суугаа эрхмийг хараад золтой л буцаад гараад явчихсангүй, арай л гэж сэтгэлээ бариад зоогийн ширээний ард очиж суув. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж шуугиан тарьдаг үндэсний томоохон компаний захирал Дандар гэх дөч шүргэм насны эр түүнтэй их л ёсорхон мэндлээд дотно яриа өрнүүлэв. Тансаг зэрэглэлээр тусгайлан зассан ширээнд суух Пүрэвсүрэн сандарсандаа биеэ барих боловч Одноо багшийнхаа үргэлж захидаг сургаалийг санаж аль болох илэн далангүй дотно байхыг хичээнэ. Тэд хооллож дуусахад Дандар түүнийг Монголд ховорхон унадаг том гарын жийп машиндаа суулгаад оюутных нь байрны үүдэнд хүргэж өгөөд танилцсаны бэлэг гэж Пүрэвсүрэнд чамгүй үнэтэй үнэт эдлэл бэлэглэв. Пүрэвсүрэн хэдий авахгүй гэж нэрлэхсэн боловч аргагүй эрхэнд авч түүнд талархсанаа хэлээд буух гэтэл Дандар захирал :

- Ийм сайхан бүсгүй оюутны байранд амьдарч хэрхэвч болохгүй дээ гэж толгой сэгсрээд ах нь дүүгийнхээ орон байрны асуудлыг удахгүй зохицуулж өгнөө гэв. Пүрэвсүрэн юу гэж хэлэхээ мэдэхгүй хий дэмий л инээмсэглэн салах ёс хийгээд нурах дөхсөн оюутны байрныхаа зүг эргэж ч харалгүй алхав. Энэ л өдрөөс хойш тэд өдөр алгасалгүй уулзаж болзох боловч Пүрэвсүрэн Дандар захиралд хараахан нүүр өгөхгүй л байв. Нэгэн өдөр Одноо багш нь Пүрэвсүрэнг яаралтай өрөөндөө дуудуулах нь тэр. Пүрэвсүрэн юу болсныг үл гадарлан багш дээрээ орвол багш нь их л уцаартай байгаа бололтой нүд нь цэхэлзэж :

- Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр чи одоо яачихаад маяглаад байгаа юм, чамайг гаргаад ирж болсон юм, буцаагаад дараад өгч чадна шүү гэхэд Пүрэвсүрэн учрыг үл ойлгосон байртай :

-  Багшаа би таны яриаг ойлгосонгүй гэхэд Одноо багш улам дуугаа өндөрсгөж :

-  Чи өөрийгөө хэн гээд бодчихсон юм, чам шиг ямааны гурвыг би хаанаас ч олно шүү, би чамд хэр баргийн хүнд олдоод байдаггүй ивээн тэтгэгч олж өгч байхад чи нүүр өгөхгүй байна гэнээ гэхэд Пүрэвсүрэн нүдэндээ нулимс цийлэгнүүлээд :

- Багшаа би уулзаж байгаа ш дээ гээд хоолойгоо чичрүүлэв.

- Уулзаж байгаа ш дээ гэнэ үү , чи арай уулзаад л болчихно гэж бодсон юм биш биз дээ, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж байгаа бол яая гэхэв гээд ширээний нүднээсээ Пүрэвсүрэнгийн анкетийг гаргаж ширээн дээр шидлэв. Хүсэл мөрөөдлийнхөө эрмэг дээр хүрч ирчихээд буцаад эргэхэд Пүрэвсүрэнд дэндүү хайран байсан тул тэрээр ихэр татан уйлж :

- Багшаа би ахиж алдаа гаргахгүй, таны хэлснээр хийе гэж юу хийх ёстойгоо ч мэдэхгүй уйлж зогсоход  багш нь сая нэг тайвширсан бололтой түүнийг очиж тэврээд :

- За битгий уйл охин минь, энэ загварын ертөнц чинь ийм л хатуу хуультай юм ш дээ гээд аргадах нь ээж охин хоёрыг санагдуулна. Сэтгэлээ онгойтол уйлсны эцэст сая нэг сэргэж тэрээр багштайгаа урьд нь ярьж байгаагүйгээр дотно яриа үүсгэв. Одноо багш нь түүнд ивээн тэтгэгч ус, агаар шиг хэрэгтэй болохыг тайлбарлаж, Дандарын итгэлийг хүлээж хамтран ажиллах гэрээ байгуулж чадвал алдрын тавцанд гарах үүд хаалга нээгдлээ л гэсэн үг гэж удтал сэнхрүүлэв. Энэ өдрөөс хойш төд удалгүй Пүрэвсүрэн өөрийнхөө сэтгэлээс илүүтэй алдартай загвар өмсөгч болох мөрөөдлөө урьтал болгон Дандар захирлын итгэлийг хүлээж хамтран ажиллах гэрээг байгуулж чадсан юм. Пүрэвсүрэн Одноо багшийнхаа үргэлж үглэдэг "Хэрвээ нэртэй загвар өмсөгч болъё гэвэл өөрийгөө золиослох зориг зүрхтэй байх ёстой" гэсэн үгний утгыг энэ л үед ойлгох шиг болов. Үнэндээ Дандар захирал Пүрэвсүрэн хоёрын хооронд байгуулсан гэрээний нэр нь Хамтран ажиллах гэрээ боловч үнэн хэрэг дээрээ " Амрагийн гэрээ" байсныг хэн хэн нь мэдэж байлаа.

By :  А.Алтанхундага


 

Нууц амрагийн түүх /Өгүүллэг/

Нууц амрагийн түүх

   \Өгүүллэг\

      Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана. Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ.

     Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би  хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна.

     Би сая нэг Дэлгэрмааг байгааг анзаарах сөхөөтөй болж гүн бодлоосоо сэрэх зуур гар утсанд минь дуудлага ирэх нь тэр, би даруй утсаа шүүрэн авбал хэн ч дуугарсангүй. Байна уу? гэж олон дахин асуусан болов ч ер хариу өгсөнгүй. Хэн нэгэн утас андуурсан бололтой гэж Дэлгэрмаад учирлаад ажилдаа шамдан орлоо. Өдөр 15 цагийн орчим дахин утсанд минь дуудлага ирэв. Мөн л шүүрэн авбал урьдын адил хэн ч дуугарсангүй, би дахин дахин асуусан боловч хэн ч хариу өгсөнгүй. Утасны минь яригч эвдэрсэн юм болов уу гэж бодох зуур хоёрхон минутын өмнө хүнтэй утсаар ярьснаа санав. Хэн нэгэн утас андуураад залгаад байна даа гэж сэтгээд төдий л ач холбогдол өгсөнгүй. Удалгүй ажил ч тарж урьдын л адилаар би гэрийнхээ зүг аядуухан гэлдэрлээ, огтхон ч гэр рүүгээ яарахгүй байгаа минь айдас төрүүлмээр ч юм шиг. Хотын гудмаар ганцаараа эцэс төгсгөлгүй алхаад л баймаар. Даанч манай ажлын газар гэрээс маань хэдэн зуухан метрт байдаг тул би зам хазайгаад хаа нэгтээ явж зүрхэлсэнгүй. Миний гэр бүлийн уур амьсгал ийм сул дорой болсон нь элэг дэвтээх үр хүүхэд байхгүйд л байна гэж би өөрийгөө тайтгаруулан алхах боловч, хүүхэд төрүүлсний дараагаар бидний харилцаа сайжрах нь юу л бол гэж нэг л итгэл төрөхгүй байх нь бүр ч их айдас төрүүлнэ. Нээх төдийд л аз жаргал, баяр хөөр хаа нэгтээ зугтаачих шиг болдог гэрийнхээ босгыг даван ороход Цогтоо мөн л ирчихсэн зурагт үзэн суух нь урьд өдрийн амьдрал минь дахин давтагдаад байгаа мэт сэтгэл гонсойлгоно. Би ч сурсан зангаараа гадуур хувцсаа өлгөөд, гараа ч угаалгүй хоол бэлтгэхээр яарах нь миний ажил орой тардагтай холбоотой гэж бодох боловч, би амралтын өдрүүдээр ч мөн адил хэн нэгэнд туугдаж буй мэт яаран хоол бэлтгэж, гэрийн ажилд нухлагддагаа өөрийн дадал гэж тайтгарана. Гэвч нөхрийнхөө ая талыг харсан даа ийн бөхөлздөгөө өөрөөсөө ч нуух шиг. Манай Цогтоо уг нь намайг хоол хий, хувцас угаа гэж зандрахгүй боловч, хэрэв тэдгээрийг цаг тухайд нь хийхгүй бол түүний харц байдал улам л хүйтэн болоод ирдэг тул би өөрийн мэдэлгүй л ханцуй шамлачихсан байдаг юм. Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн, хэзээ дуусахыг нь би үл мэдэх боловч энэ бүхэнд гарц заавал байх ёстой гэдэгт эргэлзэхгүй л байлаа.

     Ажлын ширээ, танил царайнууд, мөн танил хувцаснууд гэвч гэрт байснаас арай л дээр мэт. Энд хэн ч надруу хүйтэн харц шидэлж, үйл хөдөлгөөнөөрөө захирахгүй. Энэ үед миний толгойд хамгийн аз жаргалтай хүн өглөө гэрээсээ гарахдаа ажилруугаа яардаг, орой ажлаа тараад гэр рүүгээ яардаг хүнийг хэлнэ гэсэн мэргэн үгийг хэн нэгэн зохиолчын номноос харж байсан санагдана. Миний өглөө ажилруугаа яардаг минь хүйт даасан гэрээсээ л холдох гэсэн шалтаг ч юм шиг, ажлаа тараад гэр рүүгээ яарахгүй байгаа нь намайг огтхон ч аз жаргалгүй нэгэн болохыг улам бүр илтгээд ч байх шиг. Сүүлийн үед бидний амьдралд ямар нэгэн шийдвэрт алхам хийх хэрэгтэй байгааг би өдөр бүхэн мэдрэх боловч энэхүү алхамыг хэн хэзээ, хэрхэн хийхийг бурхан л мэдэх аж. Монголын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровын "Цагаан суврага" аялгуу эгшиглэх нь сэтгэлд нэг л дотно, утсаа авалгүй тэрхүү аялгууг сонсоод л суугаад баймаар боловч өөрийн мэдэлгүй л ногоон товчин дээр дарна. Бас л утасны цаанаас хэн ч дуугарсангүй миний ярихыг сонсож байгаад хэсэг хугацааны дараа тасалчих шиг болов. Залгасан дугаарыг нэхэн харвал өчигдөр хоёр ч удаа залгаад дуугарахгүй өнгөрсөн дугаар мөн болохыг мэдээд хэн ийнхүү залгаад байгааг үл ойлгож эргэцүүлэн суух зуур утсанд минь мессэж ирэх нь тэр. Нөгөө дугаараас болохыг мэдээд яагаад ч юм би битүүхэн дотроо баярлах шиг болоод мессэжээ уншвал :

- Сайн байна уу? та их сайхан хоолойтой юм гэж бичсэн байхыг үзээд хэн надруу ингэж бичдэг билээ гэж эргэцүүлсэн боловч хэн болохыг таамаглаж ч чадсангүй. Тэр даруй :

- Та хэн бэ? гээд хариу илгээж орхилоо. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч өнөөх дугаараас хариу ирсэнгүй. Би дотроо хэн нэгэн гаж этгээд л тоглосон биз гэж бодоод мартах гэсэн боловч сэтгэл минь бүүр үймэрч орхих нь тэр. Миний бичсэн мессэж яваагүй юм болов уу, эсвэл хүн андуурсан юм болов уу гэж элдвийг бодох зуураа утаснаасаа хараагаа үл салгана. Дэлгэрмаа намайг анзаарсан бололтой :

- Нөгөө дугаараас чинь мессэж ирээ юу? гэхэд нь би яагаад ч юм үгүй гээд худал хэлж орхилоо. Хаалганы дэргэдэх ус буцалгагчнаас цай найруулж уух санаатай зогсож байтал миний утсанд мессэж ирэх дуулдав. Би аягатай цайгаа алдах шахам ухасхийн ширээн дээрээс утсаа шүүрэн авахад Дэлгэрмаа :

- Чи минь юу болж байна аа, ингэж сандарч байгаад халуун цайнд гар хөлөө түлэх нь байна ш дээ гэхэд би сая нэг жаахан тайвшраад утсаа авч харвал өнөөх дугаараас :

- Таны дуунаас маш их ганцаардал, шаналал мэдрэгдэх юм, та хэрвээ хүсвэл надтай зовлон шаналалаа хуваалцаж болох юм шүү гэсэн битүүхэн утгатай хариу ирсэн байв.

- Таны нэрийг ч мэдэхгүйгээр би таньд хамаг сэтгэлээ уудлана гэж санасан бол та эндүүрч дээ, ганцаардал, шаналалын тухайд ч гэсэн та эндүүрсэн байна гээд өнөөх дугаарт хариу бичээд орхилоо. Тэр миний дотоод сэтгэлд болж буй бүхнийг ганцаардал, шаналал гэсэн хоёрхон үгээр онож бичсэн нь нэг л хачирхалтай санагдаж би түүнээс ямар хариу ирэх бол гэхээс дотор минь халуу шатаж байв. Дэлгэрмаа намайг бараг гадарласан бололтой :

- Нөгөө дугаараас чинь мессэж ирээд байгаа юм байна тийм үү гэснээ миний найз арай нууц амрагтай болж байгаа юм биш биз дээ гээд үл мэдэг инээмсэглэх нь улам бүр л намайг сандаргаж орхив. Үгүй ээ гэж би ахин худал хэлээд нөгөө мессэжийг дахин дахин унших зуур утсанд минь мессэж ирэхэд утасныхаа чичиргээ, дуу хоёроос цочсондоо утсаа золтой л газарт алдчихсангүй. Бондгос хийтэл цочсоныг минь Дэлгэрмаа анзаараагүйд жаахан тайвшраад мессэжийг яаран харвал :

- Та өөрийгөө хэдий болтол хуурах вэ? та үнэхээр их ганцаардаж байгааг би мэдэж байна, та надтай сэтгэлээ хуваалцаж болно шүү дээ... гэсэн мөн л битүү утгатай зүйл бичсэн байв. Энэхүү үгсийг уншаад эргэцүүлж ч амжаагүй байтал ахин мессэж ирлээ.

- Та надад бүрэн итгэж болно, таныг нууцхан хайрлаж явдаг залуугаас... гэж бичсэн мессэжийг уншаад миний дотор арай л тайвшраад ирлээ. Намайг нууцхан хайрлаж явдаг ямар залуу байж болох вэ? гэж бодох гэсэн боловч толгойд юу ч орж ирсэнгүй. Энэхэн зуур миний дотрыг харанхуйлж байсан ямар нэгэн зүйлийг аваад хаячих шиг болж бага зэрэг баяр хөөр мэдрэгдэх шиг болов. Яагаад ч юм түүн рүү хариу бичих ёстой юм шиг санагдаад :

- Би таньд яагаад бүрэн итгэх ёстой билээ, би шаналал зовлонгоо хуваалцах хань ижилтэй хүн шүү дээ, та цагаа дэмий зүйлд үрж дээ гээд хатуухан ч гэмээр хариу илгээчихлээ. Хань ижилтэй гэдгээ хэрэггүй хэллээ дээ гэж бодох зуураа хаашдаа л мэдэхээс хойш гэж бүр түүнтэй уулзаж учрах гэж буй мэт хэт их бодол өвөртлөлөө. Энэ үед түгжээтэй бодлын тайлал болж дахин мессэж ирэв.

- Та ахиад л өөрийгөө хуурч орхилоо, та ханьтайгаа хэзээ ч сэтгэлээ онгойтол ярилцаж байгаагүй гэхэд би мөрийцсөн ч бэлэн байна. Таныг сонгосон амьдралдаа сэтгэл гундуу явдгийг би аль эртнээс мэдэх болсон. Би хайртай хүндээ аз жаргалтай амьдралаа эргүүлж авахад нь туслах гэсэн юм... гэж миний дотор орчихсон мэт ийн бичсэн мессэжийг уншаад яагаад ч юм сэтгэл минь жаахан уужраад ирлээ. Би түүнд итгэж яагаад болохгүй гэж санаад удтал мессэж бичилцлээ.

- Тиймээ, би өөрийгөө хуурсан минь үнэн, миний амьдралын өдөр бүхэн нэг л хэвийн яг л хуучин эд зүйлс шиг ямарч гэрэл гэгээгүй, бас өнгөгүй. Гэхдээ та надад яаж туслана гэж

- Таны амьдрал яагаад гэрэл гэгээгүй босон гэж та бодож байна

- Тэр намайг огтхон ч хайрлахаа больсон, бүр надтай харьцах хандлага нь хүртэл өөрчлөгдсөнд хамаг учир байгаа болов уу ?

- Тэр гэж та нөхрөө хэлж байна уу, энэ бүхэн танаас хүртэл болж байгаа гэж та бодож үзсэн үү

- Тиймээ, миний нөхөр, яагаад надаас болсон гэж, намайг үл ойшоох болсон тэр цагаас би ч мөн адил түүнийг үл ойшоож эхэлсэн

- Та түүнийг нэг удаа ч болов ойлгох гэж оролдож үзсэн үү, та өнөөдөр нөхөртөө дуртай хоолыг нь хийж өгөөд түүний ажил төрөл нь хэр зэрэг ургаштай байгааг асуугаад үзээрэй

- Энэ нэмэр болно гэж үү, бид хоорондоо юм ярьдаг шүү дээ

- Та хоёрын хооронд үргэлж хиймэл яриа өрнөдөг гэхэд би дахин мөрийцөхөд ч бэлэн байна

 - Үнэндээ тийм гэхэд болно, би өнөөдөр түүний дуртай хоолыг хийж өгөөд ажлынх нь тухай асуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй

- Та өөрчлөгдөх эсэхийг үзээд алдахад яагаад болохгүй гэж , та үүнийг хийж чадна гэдэгт би итгэж байна. Хамгийн гол нь та чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй

- Ярилцсан таньд баярлалаа, би одоо жаахан ажилтай болчихлоо дараа холбогдъё

... гэж би хариу бичээд цагаа харвал би цаг гаруй нэр, зүсийг нь ч үл мэдэх хүнтэй мессэж бичилцсэнээ олж мэдэв. Би Дэлгэрмааг гараад явсныг ч анзааралгүй улайрсандаа жаахан санаа зовоод ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ. Түүнтэй сэтгэлээ уудалж ярилцсан болоод ч тэр үү сэтгэл минь онгойгоод явчих шиг болов. Хүн хэн нэгэнтэй ярилцаж дотроо байгаа зүйлээ гаргаж хэлбэл сэтгэл санаа уужирдаг гэж ярьдаг оргүй хоосон зүйл биш болохыг би тэгэхэд л илүү ихээр мэдрэх шиг болсон юм. Урьд өдрүүдээсээ эрт ажлаасаа тараад гэрийнхээ зүг сүүлийн хэдэн сард яарч байгаагүйгээрээ яарсаар гэрийнхээ хаалгаар өөдрөг бодол өвөртлөн орвол Цогтоо хараахан ажлаасаа ирээгүй байлаа. Би тэр даруй хөргөгчнөөс мах гаргаж тавиад замдаа дэлгүүрээс авсан ногоонуудаа арилгаж Цогтоогийн дуртай жигнэсэн гурилтай ногоотой шөлийг гараа гарган хийж эхлэв. Би өдөр бүр хоол хийдэг боловч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж хийдэггүй байсан даа өөрийгөө зэмлэх шиг болов. Яг хоол гарах үед Цогтоо гаднаас орж ирээд хувцсаа өлгөж байгаа харагдав. Би тэр даруй цочны өрөөны ширээн дээр Цогтоогийн дуртай хийцэлсэн сүүтэй цай аягалж тавиад хоолоо аягалахаар гал тогооны өрөө рүү ухасхийлээ. Цогтоо сурсан зангаараа шууд л зочны өрөөний буйдан дээр лаглайн суух зуураа миний чанасан цайг амтархан ууж байгаа харагдав. Түүний өмнө гараа гаргаж сэтгэлээ шингээж хийсэн ногоотой шөлөө тавиад дэргэд нь аягатай хоолоо авч ирээд зэрэгцэн хооллолоо. Би урьд нь Цогтоогийн хоолыг зочны өрөөнд хүргээд өөрөө гал тогоонд хооллодог байсан юм. Бид хамтдаа хоолоо идсэний сүүлээр Цогтоогийн магнайд багахан хөлс бурзайхад тэрээр хөлсөө алчуураар хөнгөхөн арчих зуураа :

- Миний хань чинь ёстой сайхан хоол хийсэн байна ш дээ гэж чин сэтгэлээсээ хэлэх шиг болсон юм. Би ийм үг сонссондоо баярлаад золтой л нүднээсээ нулимс дуслуулчихсангүй. Ийм сайхан үгний хариуд дуугаа сууж чадалгүй : 

-  Хань нь харин өнөөдөр ажлаа эрт тараад тэгээд л чинийхээ дуртай хоолыг хийсэн юм гэж хоолойгоо бага зэрэг чичрүүлэн хэлэхэд Цогтоод энэ үг ихэд таалагдсан бололтой :

- Баярлалаа, их сайхан хоол болсон байна, миний ханийн ажил төрөл нь сайн биз дээ гэж асуухад нь миний асуух гэж байсан асуултыг түрүүлээд асуусанд жаахан харуусаад :

- Миний ажил сайн байгаа, харин чиний ажил төрөл сайн биз дээ, намар болоод жаахан ачаалалтай байна уу гэхэд Цогтоо нүд нь сэргэж ирээд л :

- Харин тиймээ, намрын тариа будааны үеэр ажил ч ёстой нэг ундарч өгөх юм гэснээ намрын ажил дуусахаар хоёулаа хөдөө аав ээж хоёр руу нэг ухасхийж ирэх юмсан гээд яриа өдөх шиг боллоо. Бид хоёр энэ үдэш чин сэтгэлээсээ ярилцах шиг надад санагдсан. Урьд нь бид ёс болгож хааяа нэг нэгнийхээ ажлыг асуухаас цааш хэтэрдэггүй байсан юм.

Танил ширээ, танил царай, танил хувцаснууд намайг ажил дээр угтах боловч тэд надад хуучин зүйлс мэт огтхон ч санагдсангүй. Дэлгэрмаа хүртэл надтай урдынхаасаа илүү дотно хандах шиг санагдана. Би өмнө нь түүний сайхан зан чанарыг олж харахыг хүсдэггүй байсан болоод л тэгж санагдсан ч байж болох юм. Үдийн цайны цаг болохын хэрд өнөөх дугаараас утсанд минь мессэж ирлээ.

- Танд шинэ өдрийн мэнд

- Таньд ч гэсэн өдрийн мэнд, яагаад шинэ өдрийн мэнд гэж, өдөр бүхэн л шинэ шүү дээ

- Та үнэхээр их өөрчлөгдсөн байна, танаас ганцаардал, шаналал огт мэдрэгдэхгүй байна

-  Та миний дэргэд үгүй атлаа энэ бүхнийг яаж мэдэрсэн хэрэг вэ

-  Та өчигдөр өдөр бүхэн хуучин гэж боддог байсан, өнөөдөр та өдөр бүхнийг шинэ гэж хэллээ шүү дээ

-  Тийм гэж үү, би таны хэлснээр хийсэн үнэхээр үр дүнгээ өгсөн шүү

-  Та өнөөдөр бүр илүү ихийг хийж яагаад болохгүй гэж

-  Юу хийнэ гэж, би дахиад л өнөөдөр дуртай хоолыг нь хийнэ гэж үү

-  Заавал тэгэх албагүй , та өнөөдөр түүнд шинэ цамц ч юм уу эсвэл сахлын хутга авч өгч болно шүү дээ

-  Боддог л санаа, та одоо надад нэрээ хэлэхгүй юм уу

-  Миний нэр тийм чухал гэж үү, би хайртай хүндээ л туслах гэсэн юм

-  Та надад хайртай юм бол яагаад надад туслаад байгаа хэрэг вэ

-  Та нөхөртөө маш их хайртай, тийм учраас би таны аз жаргалын төлөө л хийж чадах өчүүхэн зүйл минь энэ

- Та тэгвэл их өгөөмөр бас тэгээд их царай муутай хүн байх нь ээ

- Та яг таачихлаа, би таньд маш их хайртай шиг та нөхөртөө хайртай ердөө л энэ

- Таньд маш их баярлалаа, таны өнөөдрийн тавьсан саналыг би бодож үзнэ ээ, түр баяртай нууц ноёнтон минь...

     Би өнөөдөр яагаад ч юм нөхөртөө ямар нэгэн шинэ зүйл авч өгмөөр санагдаж цайны цагаар гарч ойролцоох дэлгүүрээс түүндээ цамц зангиа худалдаж авлаа. Орой нь гэртээ хариад Цогтоодоо авсан цамцаа үзүүлэхэд тэр үнэхээр их баярлаж байгаа бололтой нүүрэнд нь баярын мишээл тодорч байлаа. Хамгийн гайхалтай нь Цогтоо надад маш гоё хийцтэй хавар, намрын цүнх бэлэглэсэн юм. Бид хоёрын харилцаа өдөр ирэх тусам л дотносож буйг хэн хэн нь мэдэрч энэхүү харилцаагаа хадгалж үлдэхийг хичээж байв. Би ажлын цагаар өнөөх нэр, зүсийг нь үл мэдэх залуутайгаа мессэжлэж өөрийнхөө тухай юу ч нууж хаалгүй илэн далангуй ярилцаж түүнээс зөвлөгөө авна. Нэг л мэдэх нь ээ би тэрхүү залууг нууцхан мөрөөдөх болж түүнийг ямар хүн байгаа бол харах юмсан гэсэн хүсэлдээ дийлдэж эхэлсэн юм. Нөхөр бид хоёрын харилцаа сайжирч, тэр минь надад анхаарал халамжаа харамгүй өгч би ч мөн адил түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хайрлан халамжлах боловч энэхүү аз жаргалыг надад бэлэглэсэн мессэж бичдэг залууг нууцхан мөрөөдөж үгүйлдэг болсон нь нүгэл ч юм шиг. Нэгэн өдөр би сэтгэл шулуудаж өнөөх залуу руу :

- Би чамтай уулзмаар байна, яг үнэнийг хэлэхэд би чамайг санаж үгүйлээд байдаг болчихлоо гээд түүнд урьдын адил сэтгэлээ харамгүй уудлан бичиж орхив. Тэгтэл нөгөө залуугаас :

- Би ч гэсэн чамайг маш их санаж үгүйлж байна, гэвч би чиний сайхан амьдралыг чинь үрж чадахгүй нь гэсэн хариу ирэв. Би дотроо үнэхээр өөрийнхөө босгосон амьдралаа огт зүсийг нь үзээгүй залуугийн төлөө үрмээргүй байсан учир удаан бодсоны эцэст түүнийг өөрийнхөө нууц амраг болохыг зориглон гуйж чадсан юм. Тэр энэхүү саналыг минь хүлээн зөвшөөрч бид хүмүүсийн нэрлэдгээр жинхэнэ нууц амрагууд болсон юм даа. Би ажил дээрээ байх үедээ түүнийгээ хэрхэн санаж үгүйлж байгаа тухайгаа бичиж, тэр минь ч гэсэн намайг санаж ямар их хүсэж мөрөөдөж байгаагаа цаг үргэлж илтгэнэ. Бид таван сар гаруй хугацаанд ганц ч удаа утсаар ярилгүй зөвхөн мессэж бичилцсээр 2 дугаар сарын 14-ний өдөр буюу "Гэгээн хайрын баярын өдөр" - өөр уулзахаар болзсон юм. Миний гэр бүлийн амьдрал энэ хугацаанд халуун бүлээн уур амьсгалаар дүүрэн байсан нь Цогтоо бидний харилцааг мэддэгүй байсан болоод л тэр байх. Би Цогтоотой гэгээн хайрын өдрийн орой нь хамт баяраа тэмдэглэхээр тохиролцоод өдөр нь нууц амраг гэж нэрлэсэн залуутайгаа болзохоор бүхнийг эртнээс товлож зохицуулсан байв.

   Хүсэн хүлээсэн гэгээн хайрын өдөр дэргэд минь айлчлан ирж би гэдэг амьтан зүсийг нь ч үзээгүй нууцхан амрагтайгаа уулзана гэхээс сэтгэл минь маш ихээр догдолж хөл минь газар хүрэхгүй хөөрцөглөж байлаа. Толины өмнө удтал эргэлдсэний дараагаар цагаа харвал болзсон цагт гуч хүрэхгүй минут үлдсэн байв. Би гэрээсээ холгүй орших "Аморе" нэртэй зоогийн газрын зүг такси хөлөглөн хөдөллөө. Болзсон газар дөхөх тусам тэр минь ямар залуу байгаа бол, өндөр болов уу, намхан болов уу, түүний үсний өнгө, нүрний төрх зэргийг таах гэж оролдсоор нэг л мэдэх нь ээ зоогийн газрын үүдэнд хүрч ирэв. Шууд л үүдээр яваад орох гэсэн боловч сэтгэл маш ихээр түгшиж сандарсандаа хий дэмий л гадуур хувцсаа янзлан зогслоо. Тэр минь ямар ч залуу байсан түүнийгээ сайн гэгч нь харж аваад сэтгэлдээ үүрд хайрлаж явна гэж өөртөө андгайлаад зоогийн газрын хаалгыг татан орсон юм. Урдаас инээмсэглэн ирэх зөөгчид нэрээ хэлэхэд зөөгч бүсгүй намайг дагуулж нэгэн тусгай өрөөний үүдэнд хүргэв. Би шууд яваад орох гэснээ жаахан зориг дутаж түүнд бэлдсэн гоёмсог хайрцагтай бэлгийг цүнхнээсээ гарган эргүүлж тойруулан нэг хараад, чи надад амьдралыг минь эргүүлж өгсөн, тиймээс би чамд хайрыг чинь эргүүлж өгөх учиртай гэж амандаа зөөлхөн шивнээд хаалгыг итгэлгүйхэн нээвэл хайрт хань Цогтоо минь инээмсэглэн угтсан юм. Би түүнийгээ олж хараад түүндээ дахин шинээр дурласан юм даа...

By : А.Алтанхундага

Миний номын багш

     Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа нь 1945 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Хөмөлийн гол гэдэг газар төрсөн. 1965 онд дунд сургуулиа дүүргэж улмаар 1970 онд Монгол Улсын Их Сургуулийг утга зохиолын багш мэргэжлээр төгсөж ажил амьдралын гараагаа эхэлжээ. Хэнтий аймгийн боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажилласан багш маань 2005 оноос Чингис хааны Нэрэмжит Их Засаг их сургуульд багшилж байна. Тэрээр Монголын утга зохиолын салбарт олон сайхан шавь нар төрүүлсэн хүндтэй хүн билээ.

Шинэ ном худалдаанд гарлаа

Зүгээр л

Зүгээр л зүрхнийхээ гүнд зам гаргаж

Зүү шиг сэтгэлд чинь адлуулахын цагт очих газартай байх гэж

Зүгээр л зүүднийхээ мананд чамайг урлаж

Зовлон шиг харцанд чинь алагдуулахын цагт чамтай ойр байх гэж

Зүгээр л харцны чинь өмнө хааяа үзэгдэж

Зүрхээ шархалтал гомдчихоод буцаад алхахад чинь тааралдах гэж

Зүгээр л үсний чинь үнэрийг сэтгэлдээ тогтоож

Зөрөггүй замынхаа уртад үнэрийг чинь санаж дотроосоо огших гэж

Зүгээр л бодлын чинь үзүүрт хааяа мөргөлдөж

Зүрхний чинь ховдолд ойрхон  хүлээж тэндээ хонох гэж

Зүгээр л заяаны чинь замд чамтай тааралдаж

Зандан хүрэл зүрхийг чинь хулгайлчихаад зүсээ гундтал ханилах гэж

Зүгээр л би чамайг хайрласан ...

                                                           яруу найрагч А.Алтанхундага  

                                        \golden_bocasin@yahoo.com\

Сарны нууц амраг

Гүлрансын шүлгийн мөрөөр гоолиг биеийг чинь озож

Гундуу зүрхээ шархалтал найргийн баланд согтохсон

Ганхирч үлдсэн бодлуудаа чинийхээ л өмнө асгаж

Ганцхан бадаг шүлэг эвлүүлж чамдаа хэлэхсэн

            Бэхгүй үзгээр чамайгаа урлаж бодолдоо харчихаад

            Бэтгэрсэн цагаан саранд чиний тухай ярихсан

            Бүтэн шүлгийнхээ мөрнөөс чиний дууг сонсчихоод

            Бүгээн шөнийн анирт сарыг хүлээж зогсохсон

Сар надтай гунигаа хуваалцаж хундага тулгана

Сайхан түүний минь тухай сонсчихоод санаа алдан ганхирна

Сэтгэл дотроо урласан харц гоёсон дагина минь

Сарны нууц амраг байсныг тэгэхэд л би мэдлээ

                                                                     яруу найрагч А.Алтанхундага  

                                                               \golden_bocasin@yahoo.com\

 

Миний тарьдаг мод

Миний тарьдаг модонд мянган цэцэг ургаж

Цэцэг бүрийн дэлбээнд нь мянган охид дурладаг

Миний тарьдаг модноос мянган мөчир салаалж

Мөчир бүрийн далинд нь мянган шувууд үүрлэдэг...

                                                                яруу найрагч А.Алтанхундага  

                                                 \golden_bocasin@yahoo.com\

 

 

Миний дотоод сэтгэлийн уран зураг

 

Гоо үзэсгэлэнгийн өмнө би хөл нүцгэн зогсож

Гартаа бийр атгаж үгсээр чамайг урлана

Гандирсын энэ орчлонд ганцхан чамайг л урлах гэж

Ганцхан бадаг шүлэгтэй хорвоод би ирсэн

            Ягаахан уруулын чинь амтыг ямархан өнгөөр урлаж

            Яг л чиний үнсэлт шиг мэдрэмжийг хаанаас би ирэх вэ?

            Янжинлхамын дүртэй Эсэруагийн охины сэтгэлийг яаж

            Ядам хуруун дахь бөгжний хатан сүйх дээр тогтоох вэ?

Чив чимээгүйн дунд бороо шиг шивэрдэг сэтгэлийг чинь

Чармай цагаан цаасан дээр яаж цагаанаар дүрслэх вэ?

Тэнгис мэт давалгайлан намирах гил хар үсийг чинь

Түнэр харанхуйн дунд ямархан өнгөөр будах вэ?

            Харахаас ялдам харц булаасан мэлмийг чинь

            Хорвоогийн хоёр өнгөнд яаж би багтаах вэ?

            Хүсэл тачаал алдрам хүүхэн хонгорын нууцсыг

            Хоёрхон бадаг шүлгэндээ яаж би тэрлэх вэ?

Янагхан хонгор чамайгаа яруу найрагт согтоогоод

Яг л нүднийхээ өмнө чармай нүцгэн зогсоож

Ядмагхан сэтгэлийнхээ гүнд зарж чадаагүй гуниг минь

Янжинлхамын дүртэй байсныг яахан би мэдэх билээ...

                                                                   яруу найрагч А.Алтанхундага  

                                                             \golden_bocasin@yahoo.com\

 

Хөх хотын үдэш

Хатан голын урсах чимээ сэтгэлийн учиг хөглөж
Хөх тэнгэрийн үрчлээнд бүдэгхэн одод анивчина
Хүүхэн хонгор салхи хацрын толионд бүжиж
Хүрмэн цагаан үүлсээс гунигийн бороо асгарч
           Хөх хотын үдшээр би хөнгөн бодолд автдаг
Санахын дайдад нөмөрлөх Далан хар уулнаас
Саран хөмсөг эвшээлгэж сульхан инээмсэглэл мэдрэгдэнэ
Дан тэрлэгтэй бүсгүйн шанхны үс намирах шиг
Дотоод сэтгэлийн минь гүнд Устын ой шуугиж
          Хөх хотын үдшээр би хүнд бодолд автдаг
Хүсэл алдрах зүгээс бүлээн салхи сэтгэл нэвт норгож
Хөх хотын үдшээр хайрын харцаар гоёдог
Хамгийн сүүлчийн үнсэлтийг чинь санаан дотроо амилуулж
Хөх хотын үдшээр би бусдын замаар алхдаг...

                 яруу найрагч А.Алтанхундага  

             \golden_bocasin@yahoo.com\

 

Зовлон шиг охид

Залуу минь чи бүү гунихар

Задгай цамцныхаа энгэрийг товчил

Зовлон шиг охидод жаргал шиг бүү дурла

Замын дэргэдэх гэрэл шиг шөнөөр л асдаг юм тэд чинь

                Гэрэвшин ичингүйрэх харцных нь толионд

                Гэгэлзэн чи үсээ янзлах хэрэггүй

                Гэргийнхээ зургийг хэтэвчнээсээ салгаж

                Гуниггүй харцанд нуугдах зовлонд дурлах хэрэггүй

Залуу минь чи бүү гунихар

Задгай цамцныхаа энгэрийг товчил

Зовлон шиг охидод жаргал шиг бүү дурла

Замаггүй нуурын загас шиг заримдаа л баригддаг юм тэд чинь

                Ягаахан уруулынх нь богино инээмсэглэлд

                Янагийн харц чулуудан догдлох хэрэггүй

                Ядам хуруун дахь бөгжөө яаран сугалж

                Яргуй өндийх хавраар амрагаа хүлээлгээд хэрэггүй

Залуу минь чи бүү гунихар

Задгай цамцныхаа энгэрийг товчил

Зовлон шиг охидод жаргал шиг бүү дурла

Зурмал ягаан цэцэг шиг үнэргүй байдаг юм тэд чинь

                Гуниг үргээсэн санаандгүй хэлсэн хэдхэн үгэнд

                Гутлынхаа улыг ханзартал хөл алдах хэрэггүй

                Гэгээ тунарсан үдшээр гэргийгүй хэмээн худал хэлж

                Ганцхан шөнийн жаргалдаа амьдралаа дэвсээд хэрэггүй

Залуу минь чи бүү гунихар

Задгай цамцныхаа энгэрийг товчил

Зовлон шиг охидод жаргал шиг бүү дурла

Задгай галын дөл шиг түймэр тавьчихдаг юм тэд чинь

                                                                 яруу найрагч А.Алтанхундага  

                                                       \golden_bocasin@yahoo.com\

Нутгийн нүдэн эгч

Нөхрийнхөө дэргэд та хаврын тэнгэр шиг л бүүдийж

Нүгэл зугтам алаг нүдэндээ гунигийн бороо шиврээх юм

Нүцгэн тунгалаг сэтгэл тань намрын модод шиг л уйлж

Нутгийнхаа хөгшидтэй таарахаар бодлын тань тэнгэр цэлмэх юм

                 Насан багадаа сэтгэл алдарсан нүдэн эгчийг харахаар

                 Нутгийн ханхар эрчүүд санаанд минь багтаад байдагсан

                 Нанчид сөгнөн түүндээ сэтгэлээ уудлая гэхээр

                 Намхан бор толгодууд насыг минь дараад болдгүйсэн

Нутгийн нар хээлсэн нүдэн эгчийн харцанд

Намрын айраг исэж нутгийн харчууд согтдогсон

Тооно өргөх ах нараас нүдэн эгчийгээ харамлаад

Танай гэрийн хаяанд чих тавин үүргэлдэгсэн

               Нүдэн эгчийн гэзэг ташаа илүү ургаж

               Нулимстай хуримын зар миний чихэнд хүрлээ

               Санчиг буурал хөгшид найрын гэрээс өндийж

               Саран тамгатай зээрд танийг минь хүлээн сархалзана

Нүдэн эгчийг явсан энэ л намраас хойш

Нүцгэн саарал модод найман удаа гөлөглөлөө

Намхан бор толгодууд намайг даалгүй хотолзож

Насан балчир дүү нь эрийн цээнд хүрлээ

            Нутаг алсрах газраас найман агт адуулахаар

            Нутгийн нэгэн айлд дөрөө мултлан буутал

            Нанчид сөгнөх гэрээс эрийн омог сархалзаж

            Нутгийн нүдэн эгч минь нулимстай намайг угтсан

Нүдэн эгчийнхээ харцанд нулимс үүрлэснийг үзчихээд

Нутгийн намхан толгоддоо гомдон гомдон алхлаа

Нүдэн эгчийг минь авч одсон сархадын савыг харчихаад

Санчиг буурал хөгшиддөө гоморхон гоморхон буцлаа

            Нанчидын хар өврөөс нүдэн эгчийгээ хулгайлахаар

            Намрын шаргал үдшээр таны зүг мордтол

            Намхан бор толгодууд насыг минь харамлаад

            Нутгийн нүдэн охидоор харцыг минь хужирлаад болсонгүй

Насны ханьдаа гомдож нулимс бүү унагаарай эгч минь

Нутгийн чинь толгод харчихаад уйлчихаж мэднэ шүү

Намайг хүлээгээд ирэхгүй бол битгий уйлаарай нүдэн минь

Нутгийн чинь буурал хөгшид намайг зэмлээд өтөлчихнө шүү

                                                                     яруу найрагч А.Алтанхундага  

                                                              \golden_bocasin@yahoo.com\

(Нийт: 13)